menu

Sunday, October 26, 2014

'Education in U.S. through my eyes' report by Otgonpurew Mendsaikhan



Нэмэлт мэдээлэл
Нийтлэгдсэн Monday, 28 October 2013 14:40
Үзсэн: 481
Отгонпүрэв Мэндсайхан
Нэг л мэдэхэд хүний газар эрдмийн мөр хөөхөөр ирээд гурван сар болчихжээ. АНУ-ын Пенсилвани (Pennsylvania) мужийн Питсбург (Pittsburgh) хотод Карнеги-Меллоны Их сургуульд (Carnegie Mellon University) Мэдээллийн Аюулгүй Байдлын Бодлого Удирдлагын магистр (Master of Science in Information Security Policy and Management) гэдэг хэл хугалмаар урт нэртэй ангид Фулбрайтын (Fulbright) тэтгэлэгтэйгээр суралцах томоохон завшаан тохиосноос хойш шинэ газрын соёлын шокноос гарч амжаагүй л байна. Юутай ч одоохондоо шинэхэн буй дээр нь боловсролын тал дээр Монголдоо хэрэгжүүлчихмээр санагдсан зүйлсээ тэмдэглэж авъя гэж бодлоо. Эдгээр нь зөвхөн надтай таарсан, миний мэдэх, миний харж буй л өнцөг бөгөөд бусад сургууль/хот өөр өөр байхыг үгүйсгэхгүй.

Сайхан сэтгэл + Нэр хүнд = Филантрофи
Надад хамгийн гайхалтай санагдсан зүйл бол мөнгөтэй бизнесменүүд нийгэмд тустай үйл хийхээрээ сургуульд замбараагүй мөнгө цацдаг, академик орчин нь ч үүнийх нь хүчээр бараг амьдарч байдаг. Манай сургуулийг анх 1900 онд төмрийн үйлдвэрийн эзэн AndrewCarnegie гэдэг нөхөр тухайн үеийн ханшаар 20 сая доллароор босгож байсан гэдэг. Үүнээс хойш бас саятан бөгөөд банкир Thomas Mellon гэдэг нөхрийн байгуулсан сургуультай 1967 онд нэгдэж Carnegie Mellon University болж өргөжижээ. Одоо их сургуулийн доорхи бүх коллежууд нь хэн нэг том бизнесмений нэрээр нэрлэгдсэн байх ба манай коллеж л гэхэд Heinz майонезны үйлдвэрийн эзэн John Heinz-ийн нэрээр нэрлэгдсэн бөгөөд мань эр бас нэлээн мөнгө цацаж байж босгож авсан бололтой. Энэ нь яваандаа бүр гонжирсоор бгад байшинг бизнесмений нэрээр нэрлэдэг болж сүүлдээ анги танхимыг хүртэл хүний нэрээр, хамгийн сүүлд надтай таарсан инээдтэй зүйл нь сургуулийн гадаа суудаг сандалыг хүртэл мөнгө хандивласан хүний нэрээр нэрлэсэн байсан. 
 Хандивлагч гэр бүлийн нэрэмжит сандал
Монголд миний мэдэхээр MCS, Topica хоёр лав МУИС дээр өөрийн нэрэмжит лаборатори байгуулсан байсан. Бусад ихэнх компани, мөнгөтэй хүмүүс нийгмийн хариуцлага гээч юмийг морь уралдуулж бөх байлах, шоу цэнгээн спонсорлох төдийгөөр л төсөөлөөд байх шиг.
 Академик эрх чөлөө
Америкт дөнгөж ирсэний дараах анхны Фулбрайтын семинар дээр Академик эрх чөлөө (Academic freedom) гэдэг нэртэй лекц ороход нь юун сонин юманд ач холбогдол өгдөг юм гэж бодож байж билээ. Гэтэл үнэндээ энэ нь эдний боловсролын системийнх нь хамгийн чухал элемент байсан бололтой. Ерөнхийд нь томъёолвол багшийн ярьж буй зүйлтэй оюутан заавал санал нийлэх албагүй, сургуулийн бодлоготой багш заавал санал нийлэх шаардлагагүй, сургууль тодорхой стандартыг хангасан нөхцөлд өөрийн чиг баримжаагаар хичээлийн төлөвлөгөөгөө бэлдэх эрхтэй гэж хэлж болох юм.
Өөрөөр хэлбэл хэн нэгний хэлсэн үгийг тоть шиг давтаж цээжлэх бус өөрийн гэсэн үзэл бодолтой байхыг хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Мэдээж хэрэг батлагдаж нотлогдсон байгалийн шинжлэх ухааны аксиомууд дээр жишээ нь 2х2=5 гээд маргаад байна гэдэг утгагүй боловч маргаантай асуудал дээр хэн нэгний тулгасан үзэл бодлыг хүлээж авах үүрэггүй байна гэж ойлгож болно. Би лав Монголд байхдаа нэг багшийнхаа ярьж буйтай нь санал нийлэхгүй байна гэж хэлээд хөөгдөж гарч л байсан юм даг.
Сургууль ч гэсэн улсаас тавьж буй тодорхой хэмжээний стандарт шаардлагыг хангасан нөхцөлд өөрийнхөө хичээлийн төлөвлөгөөг өөрөө боловсруулах эрх эдлэх бөгөөд хичээлийн агуулга чанартай эсэхэд суралцагчид л дүн тавина гэсэн үг.
 Ялгаварлан гадуурхахыг хориглоно
АНУ шиг түмэн шидийн хүн цугласан газар энэ магадгүй чухал байх. Ганц сургууль ч гэлтгүй, ажлын байран дээр тухайн хүнийг нас, хүйс, үндэс угсаа, арьсны өнгө зэргээр ялгаварлан гадуурхахгүй гэдэг бодлого нь нэлээд хүчтэй мөрдөгддөг бололтой. Монголд бол тийм ноцтой асуудал биш ч гэсэн тодорхой хэмжээнд хүйсийн ялгаварлан гадуурхалт зэрэг асуудал хувь хүний түвшинд байх шиг санагддаг. Ялгаварлан гадуурхагдсан гэж үзэж буй нөхцөлд шууд гомдол гаргаж шалгуулах эрх тухайн оюутан болон багшид бүрэн нээлттэй байдаг учир тиймэрхүү хэл аманд орох вий гэхээс удирдах ажилтнууд (эсвэл оюутны хувьд багш нар) үхтэл айдаг юм шиг санагдсан. Манайд цаасан дээр тунхагласан болохоос энэхүү гомдол гаргаж араас нь шалгадаг механизм нь сайн бүрэлдээгүй байх шиг.

Аналитик сэтгэлгээ болон өөрийгөө илэрхийлэх чадвар
Монголд байхад Америкт төгсөөд ирсэн ихэнхи найзуудад маань нэг нийтлэг чанар харагддаг байсан нь асуудалд факттай ханддаг, тухайн фактад тулгуурлаж дүгнэлт хийдэг, үүнийгээ өөртөө итгэлтэйгээр илэрхийлж чаддаг чанар байсан юм.
Үндсэндээ сургалтын систем нь өөрөө ийм байхыг шаардах бөгөөд асуудалд заавал бүтээлчээр буюу баримт нотолгоотой, статистикт тулгуурлаж ханд үгүй бол ярьж буй зүйл чинь хэнд ч хэрэггүй гэж үздэг. Үүнээс гадна хамгийн чухал нь эдгээр дата-нд өөрийн гэсэн анализ хийж өөрийн бодлоо илэрхийлэх ёстой болохоос хэн нэгний хэлж буй үгийг тоть шиг давтах ёсгүй гэдэг хатуу зарчим баримталдаг. Өөрөөр хэлбэл хүн ямар ч асуудалд өөрийнхөөрөө хандаж өөрийн гэсэн бодолтой байж анализ дүгнэлт хийх ёстой гэдгийг л чухалчилдаг.
Мань мэт нь ихэвчлэн багшийн халбагадаж өгсөн бэлэн хоолыг идэж сурсан болохоор эндэхийн систем халбага гарт бариулаад явуулчихаар өөрөө тэрхүү хоолыг яаж олж, баяжуулж халбагадаад өөрийнхөөрөө шингээх ёстойгоо сайн ойлгохгүй хэсэг ухнатдаг бололтой.
Өөрийгөө илэрхийлэх чадвар гэдэг дээр Монголд сургууль дөнгөж төгссөн хэд хэдэн хүнтэй ажлын ярилцлага хийж байхад өөрийгөө ч олигтой танилцуулчихаж чадахгүй дүлэгнээд байгаа санагддаг байсан. Магадгүй манай дорны соёлтой ч тодорхой хэмжээнд холбоотой байх. Гэхдээ энд бол хичээл дээр ичихгүйгээр тэнэг ч болтугай асуулт асууж чаддаг, дурын хүнтэйгээ үзэл бодлоо хамгаалаад маргаж чаддаг, индэр дээр гараад презентаци хийгээд бусдын анхаарлыг өөртөө татаж чаддаг хүнийг илүү үнэлдэг юм шиг санагдсан.
 Оюуны өмч болон плагаризм
Надад бол хамгийн чухал бөгөөд гайхалтай санагдсан онцлог бол энэ. Академик орчинд мөрдөгдөх ёстой оюуны өмчийн ёсзүй гэдэг асуудлыг АНУ-д бол ёсзүй бус “хууль” болгож хэрэгжүүлж байх шиг санагдсан.
Яг үнэндээ миний хувьд лав хичээл эхэлсэн эхний өдрөөс эхлээд “цаас” (research paper) бичих ажилд дарагдсан бөгөөд нэгийг нь гүйцэт дуусгаагүй байхад л дараагийнх нь нэмэгдэж орж ирэх нь үнэхээр “лайтай” гэмээр санагдаж байлаа. Бичсэн цаасыг маань шалгаж буй багш нар нэгдсэн системд оруулж хэн нэгний өмнө бичсэн зүйлсийг хуулж тавьсан эсэх, хэн нэгнээс санааг нь хулгайлаад ишлэл (citation) аваагүй байх зэрэг зүйлсийг шалгаж үздэг. Мөн хэчнээн ишлэл авсан ч гэсэн тухайн материалаас хоёр параграфаас илүү хуулахыг хориглодог. Хэн нэгний өмнө нь бичсэн “цаас”-наас гурваас дээш үг хуулж ашиглаад эзнийг нь дурьдаагүй л бол чи сургуулиас хөөгдөх нөхцөлөө бүрэн хангалаа гэж үзэж болно. Мөн гэрийн даалгавраа хэн нэгэнд хуулсан/хуулуулсан болон бусад ямар нэгэн байдлаар академик зөрчил гаргасан (academic integrity violation) бол сургуульдаа баяртай гэж хэлэхэд болно. Иймэрхүү зөрчил гаргасан нөхцөлд Карнеги-Меллоны хувьд лав өчиггүйгээр хөөх шийдвэр гаргадаг бөгөөд жилдээ дундажаар 10-20 хүн иймэрхүү асуудлаас болж сургуулиа орхидог гэж сонсож байсан юм байна.
Монголд миний мэдэхийн бие даалт/реферат гэж гоё хуулан бичлэг, орчуулгын ажил байдаг байж билээ. Одоо ямар болсоныг бүү мэд тухайн үед би лав хуулж бичиж байгаа зүйлээ ч ойлголгүй нэг номноос бүхэлд нь хуулж бичээд л өгчихнө, багш ч тоож уншдаггүй тэгсгээд ноорог болгоод ашиглачихдаг, хэн хэнийгээ хуурсан гурилны юм болоод л өнгөрдөг байснаа санаж байна. Бүр гайхалтай нь миний хуулан бичлэгийг манай ангийнхан бүхэлдээ бас хуулаад биччихэж байхад асуудал үүсдэггүй л байсан юм даг.
 Дүн буюу тодорхой байдал
Аливаа судалгааны ажил, цаасыг дүгнэхдээ өмнө нь заавал урьдчилж rubric буюу тухайн ажлаас юуг нь хэдэн оноогоор тооцож яаж дүгнэх аргачлалыг тодорхой болгож бэлдсэн байдаг. Би яагаад энэ дээр тэд авчихав, энэ юу нь буруу байгаа юм гэдэг асуудал гаргахгүйгээр урьдчилаад дүгнэх нөхцөлийг нь тавьчихаар хүн тухайн нөхцөлд нь тааруулж юмаа хийгээд дүнгийн талаар бодох шаардлагагүй болдог юм шиг санагдсан.
Тодорхой байдлын тухайд гэвэл хичээл болгоны эхний лекц нь syllabus буюу хичээлийн төлөвлөгөөгөө танилцуулсанаар эхэлдэг. Өөрөөр хэлбэл багш-оюутан хоёр талаас хамтын хөдөлмөр эхэлж буй учир нөхцөлөө харилцан тохиролцож байна гэсэн үг. Тэдэн сарын тэдний өдөр би ийм сэдэвтэй лекц орно, тэдэн сарын тэдний өдөр та нар надад ийм даалгавар үзүүлэх ёстой гэх мэтчилэн багш болгон өөрийнхөө тааллаар энэхүү төлөвлөгөөгөө танилцуулах бөгөөд хамгийн чухал нь жишээ нь гэрийн даалгавар хоцорч өгсөн нөхцөлд би тэдэн оноо хасна, шалгалтан дээр ном сурах бичиг ашиглаж болно гэх мэт онцлогуудаа урьдчилж танилцуулдаг.
Харин дүнгийн тухайд гэвэл манай нэг найзын хэлсэнчлэн “дотуур өмд шигээ нууцалж яв” (keep it private like your underwear) гэдэг зарчимтай гэж ойлгосон. Тухайн хувь хүний нууцыг хүндлэхээс гадна оюутнуудын хооронд дүнгийн харьцуулалт гэх мэт зүйлс гаргахгүйн тулд хүн болгонд дүнг нь тусгайлж (манайх мэргэжлийн анги болохоор ядаж байхад бүр шифрлэж) өгдөг.

Номын сан болон сурах орчин
Мэдээж хэрэг хийх ажлаар дарчихсан бол хийх орчин нөхцөлийг нь бүрдүүлж өгөх ёстой. Хамгийн анхны сургууль танилцуулах уулзалт (orientation) дээр декан (dean) “Та нар хэд хоног амьдрах байраа сайхан тохижуулсан байх. Даанч наадах чинь ямар ч хэрэггүй, та нар ирэх хоёр жилд энд амьдрах болно” гэж хэлж байсан нь одоо орой руу орж байна даа. Оюутнууд ганцаараа суугаад хичээл хийх зориулалттай номын сангууд, группээр ширээ тойрч суугаад ярилцах өрөөнүүд зэрэг бүх нөхцөлийг хангаж өгөх бөгөөд номын сан амралтын ч бай бүх өдөр 24 цагаар ажиллана. Номын сангийн хажууханд нь ороод дугхийчихэж болохоор дивантай өрөө, автомат массажны сандал зэрэг бас бий.
Кампус
Номны хангамж мэдээж хэрэг гайхалтай бөгөөд хэрэв хайж буй ном чинь номын санд байхгүй бол бусад сургуулийн номын сангийн сүлжээнд хайж үзнэ. Ихэнхи томоохон сургуулиуд нэгдсэн сүлжээнд байх учир хэн нэгнийх нь номын санд байхгүй номыг нөгөө сургуулиас зээлж авчруулж болно.
Сургууль дээр төрөл бүрийн хоолны газрууд байхаас гадна, сургуулийн цагдаа, сургуулийн эмнэлэг, оройтож сургуулиас гарсан бол гэрт чинь хүргэж өгдөг шөнийн цагаар явдаг автобус зэрэг ч бий. 
Сургуулийн цагдаа
Эдгээрээс гадна өнөөх лай болсон “цаас” бичих ажилд чинь заавар зөвлөгөө өгч тусалдаг “writing center”, хичээл чинь ихдээд депрестээд байвал сэтгэлзүйн төв хүртэл бий. 
Мэдээж хэрэг Америк сургууль спортгүй байна гэж юу байх вэ, төрөл бүрийн спортын цогцолбор клубууд ёоз ёозоороо байх бөгөөд ямар нэгэн спорт оролдохгүйгээр хичээлийн стрессний ард ч гарахад түвэгтэй бололтой.
Оюутны ажлын байр болон төгсөгчдийн алюмнай сүлжээ
Карнеги-Меллоны хувьд их сургуулийн хэмжээнд нэг career center буюу ажилд зуучлах төв, мөн коллеж болгон тус тусдаа бас нэг career center-тэй. Бакалаврын оюутныг 2-р курсээс нь эхлээд ажилд ороход нь бэлдэх бөгөөд CV яаж бичих, ярилцлаганд хэрхэн орох бүх заавар зөвлөгөөг нь өгнө.
Гэхдээ career center –ийн хамгийн гол үүрэг бол ажил олгогч оюутан хоёрыг уулзуулж өгөх байдаг. Сareer center-ээс өдөрт л дор хаяж 10, 20 мэйл ирэх бөгөөд энэ компани ийм мэргэжлийн ангид сурч байгаа ийм хүн хайж байна гээд зарлана. Мөн бараг сар болгон ажлын байрны үзэсгэлэн зохион байгуулж компани болгон нэг нэг лангуу аваад оюутнуудыг “панаалдах” ажил хийнэ. Тухайн оюутанд компани таалагдаад CV-ээ өгч, компанид бас оюутан таалагдсан бол career center дээр “хоёулаа” уулзалдаж ярилцлага хийнэ. Оюутан кампусаас гарч ийш тийш гүйж самгардахгүйгээр төгсөхөөсөө өмнө ажлын байртай болж төгсөх ёстой.
Ажлын байрны үзэсгэлэн дээрхи Майкрософтийн лангуу
Зуны амралтаар ихэнх мэргэжлийн ангиуд заавал дадлага хийхийг шаардах бөгөөд цалинтай дадлага хоёр сар орчим хийлгэхдээ манайхан шиг тамхи, кофендоо гүйлгэх бус мэргэжлийн ажилд нь сургаж ажиллуулна, үүнийг ч сургуулиас шаарддаг юм билээ. Дадлага дууссаны дараа оюутан компанийхаа талаар, компани оюутныхаа талаар үнэлгээг career center-т өгнө. Хэрэв оюутан компанид таалагдвал төгсөхөд нь ажлын байраар хангах санал тавина гэх мэт.
Мөн оюутныг суралцаж байх хугацаанд нь ажлын байраар хангах боломж бий. Магистр докторын оюутанд 7 хоногт 20 цагаас илүүгүй RA (Research Assistant), TA (Teaching Assistant) хийх боломж олгодог бол бакалаврт сургуулийн дэлгүүрт худалдагч хийх, хоолны газар ажиллах гэх мэт олон боломж бий.
Бас нэг хэрэгжүүлмээр зүйл гэвэл төгсөгчдийн холбоо (alumni network) байдаг. Тухайн коллежийг тухайн мэргэжлээр төгсөгчид шинээр гарч ирж буй “бүтээгдэхүүн”-ий талаар хамгийн сайн төсөөлөлтэй байх учир өөрсдөө ажил олгогч болсон нөхцөлд хамгийн түрүүнд доод үеээ татдаг. Байсгээд л манай мэргэжлээр тэдэн жилийн өмнө төгссөн тэр ирж оюутнуудтай яриа хийж тэдэн хүн ажилд авна гэсэн зар явна. Төгсөгчид ч миний ойлгосноор байнга хоорондоо холбоотой байж ажлаа зохицуулж байдаг бололтой.
Судалгааны институци
Монголд сүүлийн үед яригдаад байгаа судалгаанд суурилсан их сургууль гээч ямар чухал болохыг энд харж болно. Томоохон компаниуд, засгийн газар их сургуульд энэ чиглэлээр судалгаа хийж өгнө үү гэж захиалга өгч санхүүжилтийг нь хийх бөгөөд багш нар удирдаж оюутнууд туслах ажилтнаар (RA буюу research assistant) нь оролцож үр дүнг нь хүлээлгэж өгнө. (мэдээж хэрэг ихэнхи тохиолдолд процесс эсрэгээрээ буюу багш оюутнууд судалгааны санаа олж түүнийгээ санхүүжүүлэх байгууллага хайж таардаг) Тухайн компани, засгийн газрын хувьд өөрөө судалгаа хийх боломжгүй, шаардлагагүй үед энэхүү судалгааг хийж өгөх хамгийн зөв субъект нь их сургууль болж өгнө. Эндээс бүгд хожих бөгөөд оюутны хувьд бол том дадлага, багшийн хувьд нэр хүндийн асуудал, байгууллагын хувьд зорилтот үр дүнгээ хүлээж авах бол сургуулийн хувьд мөнгө орж ирнэ.
Нэг судалгааны төслийн үр дүн. Ресепшнийг орлоно
Зөвхөн энэхүү судалгааг хийх зориулалттай институциуд их сургуулийг түшиглэж амьдрах бөгөөд Карнеги-Меллоны хувьд миний мэдэхээр маш том хоёр институци нь Software Engineering Institute (SEI), Computer Emergency Response Team (CERT) зэрэг юм. Эдгээр байгууллагад ажилладаг ажилтнууд нь их сургуульд давхар багшлах, харгалзах мэргэжлийн оюутнууд нь энд дадлага хийх, судалгаа хийх, төгсөөд ажиллах зэрэг бүх боломж нь нээлттэй.
Багш
Мэдээж хэрэг сайн сургуулийг сайн багшгүйгээр төсөөлөх аргагүй. Карнеги-Меллоны хувьд Ph.D –гээс бага цолтой хүн лекц орох ёсгүй бөгөөд лекц орж буй багш тухайн чиглэлээр дор хаяж нэг судалгааны ажил удирдаж хийж байх эсвэл хийсэн байх ёстой.
Хичээл болгонд TA (teaching assistant) буюу туслах багш оноож өгнө. Тухайн хичээл дээрхи ТА-гийн тоо нь хичээлийнхээ ачааллаас шалтгаалах бөгөөд тухайн хичээл дээр хамгийн өндөр оноо авсан graduate (магистр докторын) оюутанд дараагийн семестерт нь ТА хийх санал тавьдаг. ТА багшийн хичээл заахаас бусад бүх ажлыг хөнгөлж өгөх үүрэгтэй бөгөөд үндсэн багш лекцээ ороод хажуугаар нь судалгааны ажлаа удирдаж явах л үүрэгтэй. Шалгалтын материал, гэрийн даалгавар бэлдэх, эдгээрийг шалгах, дүгнэх зэрэг бүх ажил ТА-ын нуруун дээр буух бөгөөд үндсэн багш ТА-гийн ажлын гүйцэтгэлд бас хяналт тавих ёстой. Ихэнхи хичээлийн хувьд recitation буюу лекцэн дээр үзсэн онолыг бататгах ТА-гийн хичээл ордог. Үүнээс гадна ТА долоо хоногтоо нэгээс хоёр өдөр тогтсон цагт сургуулиас бэлдэж өгсөн өрөөнд заавал байх ёстой бөгөөд оюутнууд асууж тодруулах зүйлсээ уг цагт амжуулж ТА-тэй уулзалдах ёстой.
Миний мэдэх өчнөөн мундаг багш нар Монголд байдаг боловч өдөр тутмын ажилдаа дарагдаад ер олигтой судалгааны ажил гараас нь гардаггүй юм шиг санагдсан. Тэгээд дээрээс нь судалгааны ажлыг санхүүжүүлдэг, үнэлдэг тогтолцоо нь өөрөө байхгүй болохоор судлаач багш гэдэг ойлголт байхгүй, шинэ багш нар нь цээжилсэн номоо уншиж өгдөг syllabus decoder болсон юм шиг санагдсан.
Технологи
Дэлхийд технологиор тэргүүлэгч гүрний хувьд сургалтанд технологийг тултал нь ашиглана.  Сургалтын онлайн багаж ашиглаж хичээлтэй холбоотой бүх зар, унших материалууд гэрийн даалгавар зэргийг тухайн вэбээр цацах бөгөөд хийж дууссан гэрийн даалгавраа ч оюутнууд уг системийг ашиглаж хураалгана (цаасгүйгээр). Хичээл бүрийн видео бичлэгийг хийж уг системд тавих бөгөөд тухайн хичээлд суугаагүй эсвэл суугаад ч ойлгоогүй хүмүүст дахиж үзэх боломж нь нээлттэй.
Оюутны үнэмлэх нь смарт карт байх бөгөөд банкны төлбөрийн карт байдлаар ашиглаж болно, энд тэндэхийн хаалга онгойлгоход, автобусанд уншуулахад, сургуулийн элдэв үйлчилгээ авахад карт уншуулаад л болно.
Принтер/скайнер булан бүрт шахуу байх бөгөөд өөрийн компьютертээ драйверийг нь татаж суулгаад шаардлагатай зүйлсээ хэвлэх команд өгөөд орхичихно. Дурын принтертэй газар ID картаа уншуулмагц хэвлэгдэж гарч ирнэ.
Wi-Fi кампус даяар байх бөгөөд single sign on буюу оюутны эрхээрээ нэг л нэвтэрсэн байхад боломжтой бүх сервис нээлттэй.
Сургуулийн сүлжээнд нэгдсэн байхад шаардлагатай ихэнхи програм хангамжийн лицензийг сургууль нэгдсэн журмаар авчихсан байх бөгөөд ихэвчлэн оюутан татаж авч суулгаад л үнэгүй ашиглах боломжтой.
Компьютерийн лаборатори гэж байхгүй бөгөөд оюутан болгонд "үүл"-эн дэд бүтэц дээр эрх нээж виртуаль машин өгнө. Цааш нь өөрийнхөө шаардлагаар тохируулаад VPN-ээр холбогдоод ашиглана.
Энэ бүхэн ч яах вэ, Монголд нэвтрэхэд цаг хугацааны л асуудал байх. Харин миний бодлоор Монголд их сургуулиудад хамгийн түрүүнд хийх ёстой нэг л асуудал имэйл харилцаа гэдэг юм л байх ёстой байх. Энд миний анзаарсанаар сургууль болгон .edu имэйл хаяг оюутан тус бүрт өгөх бөгөөд сургуулийн бүх албан ёсны харилцаа холбоо зөвхөн үүгээр дамжиж явах ёстой. Багш, оюутнуудын directory service буюу тэр багштай ийм мэйлээр харилцана гэх мэт лавлах нь нээлттэй бий. Монголд саяханаас харин Google app боловсролын салбарт зориулж имэйл сервис өгөөд байгаа сураг байсан. Тэр уг нь бас л том алхам юм даа.
За тэгээд одоохондоо санаанд буй нь иймэрхүү зүйлс байна. Үүн дээрээс нэмж хасах, миний андуурсаныг засаж залруулах юм байвал сэтгэгдэл үлдээгээрэй.

No comments:

Post a Comment